Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


Өнгөрсөн оны сүүлээр Монгол Судлалын Үндэсний зөвлөлийн төлөөлөгчид Австрали, Япон, Солонгос Улсын монгол судлалын гол төвүүдээр ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид Монгол судлалын сан байгуулах тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг болон МУ-ын Засгийн газраас баталсан “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн үзэл санаа, Монгол Улсын төр засгаас монгол судлалыг хөгжүүлэх талаар баримталж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулсанаас гадна монгол судлалын талаар өөрсдийн байгууллагаас барьж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, эдгээр их сургууль, эрдэм шинжилгээний төвүүдтэй хамтран ажиллах бололцоо, тэдэнд тулгарч байгаа бэрхшээл нөхцлийн талаар санал солилцлоо. Төлөөлөгчид Австралийн Үндэсний Их Сургууль, Токио Гадаад судлалын их сургууль, ЯМСХолбоо, БНСУ-ын СМСХолбоо, Дангүг, Хангүг ГСИС-д тухай тухайн орны монголч эрдэмтэдтэй уулзаж, ярилцахад Монгол Улсад монгол судлалын чиглэлээр болж буй, болох гэж буй үйл явдлыг ил тодорхой болгох, гарц орц нээх, мэдээлэх, залуу монгол судлаачдыг дэмжих, тэтгэлэг хүртээх, номын сан, архивын мэдээллийн санг нээлттэй ил болгох, үйл ажиллагааг хүнд сурталгүй хөнгөн болгох, үнэ ханшийг хямдруулах, япон хэлээр байгаа монгол судлалын бүтээлүүдийг монгол хэлээр орчуулах, монголын эко системийг сайжруулах, зарим нэг боож хаасан хатуурхсан хууль тогтоомжоо шинээр эргэж харах, монгол судлалын судалгааны сэдвүүдийг нээлттэй зарлах, хүрээ хязгаарыг зааг ялгаатай болгох, зуны сургалтыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулах, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авах, гадаад хүнд зориулсан шинжлэх ухааны судалгаатай ном хийх, Монгол Улсад сурч байгаа гадаад оюутны ахуй нөхцлийг сайжруулах зэрэг маш олон үнэ цэнэтэй санал тавьж, санаачлага гаргалаа.