Цэс / Үйл явдал / Эрдэм шинжилгээний хурал симпозиум, эрдэм шинжилгээний уншлагын мэдээ


БСШУСЯ, Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс "Монгол судлалын шилдэг өв" цувралын хүрээнд орчин цагийн монгол хэл шинжлэлийн салбарын тулгын чулууг тавилцсан Академич Шадавын Лувсанванданы  эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 6 ботийг хэвлүүлэн гаргалаа.  Тус 6 ботийн нээлт 2019 оны 3-р сарын 15-ны өдрийн 14 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд боллоо.

Академич Ш.Лувсанванданы эрдэм шинжилгээний бүтээлийн чуулганы 1-р боть "Монгол хэлний зүй", 2-р боть "Орчин цагийн монгол хэлний сурах бичиг", 3-р боть "Орчин цагийн монгол хэлний бүтэц", 4-р боть "Монгол хэлний авиа, үсэг бичгийн судлал", 5-р боть "Монгол хэлний бүтээвэр, өгүүлбэр, үгийн сан судлал", 6-р боть "Ерөнхий хэл шинжлэлийн зарим асуудал ба орчуулга"  багтжээ.




Нээлтийн үеэр БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар болон тус бүтээлийг эрхэлсэн МУИС-ийн академич Ш.Лувсанванданы нэрэмжит МХХШТэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгс болон ахмад багш, судлаач, эрдэмтэд үг хэллээ. 

Номын нээлтэд академич Шадавын Лувсанванданы гэр бүл, үе үеийн шавь нар, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн болон бусад судалгааны байгууллагуудын төлөөллүүд эрдэмтэн судлаачид оролцлоо.