Цэс / МУИС-МСХ-ийн тухай / Мэндчилгээ


Эрхэм хүндэт Таны түмэн амгаланг эрэн мэндчилье. Та манай хүрээлэнгийн вэб сайтад тавтай морилоно уу.

МУИС бол Монголын анхны ууган их сургууль. Улс Монголоороо овоглосон нэгээхэн байгууллага байдаг нь манай МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн билээ. Дэлхийн 2 дугаар дайны гал ид дүрэлзэж байх тэр хүнд жилүүдэд монголын анхны дээд боловсролын байгууллагын тулгын чулууг тулах тэр цагаас монгол судлалын суурь энэ их сургуульд тавигдсан гэж үздэг.

Монголын судлалын их эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын зэрэг үе үеийн олон арван эрдэмтэн суутнууд эрдэм мэдлэг, ухаан оюунаа өргөн ажиллаж байсан монгол судлалын салбар 1945 онд байгуулагдсан Хэл бичгийн факультетаас эхтэй бөгөөд ерээд оны эхнээс Монгол Улс нээлттэй нийгэмд шилжих тэр үеэс шинэ үеийн Монгол судлалын лабораторийг эрдэмтэн Т.Дүгэрсүрэн, Х.Нямбуу нар 1990 онд үүсгэн байгуулж, 2000 оноос Монгол Судлалын Төв, 2011 оноос Монголын Судлалын Хүрээлэн хэмээн нэрлэгдэн монгол судлалын чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн он жилүүдэд хүрээлэнгийн хамт олны хийж бүтээсэн зүйл арвин бий бөгөөд гадаад дотоодод сайн мэддэг монгол судлалын нэр хүнд бүхий байгууллага болсон билээ. Бид монгол судлалыг дотоод гадаадад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний бичиг, ном сэтгүүл, сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, симпиозиум, эрдэм шинжилгээний семинар хийх, залуу монголч эрдэмтдийг хөхиүлэн дэмжих чиглэлээр төрөл бүрийн бодитой үйл ажиллагаа явуулж, дотоод гадаадын монгол судлалын байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.

Та бүхнийг дээрх чиглэлүүдээр болон бусад Монгол Улс, монгол судлал гэсэн өргөн хүрээгээр бидэнтэй хамтран ажиллахад нэн таатай байна.

Манай вэб сайтаас та бүхэн МУИС төдийгүй Монгол Улс, гадаад орнуудад болох монгол судлалын чиглэлийн маш өргөн мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээн авах болно. 

Та бүхний эрдэм мэдлэг, судалгаа шинжилгээ арвин бөгөөд амжилттай сайн болтугай.

 

МСХ-гийн Гүйцэтгэх Захирал

Проф. Д-р, Ж.Бат-Ирээдүй