Цэс / МУИС-МСХ-ийн тухай / Танилцуулга


МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн анх 1991 онд Монгол судлалын лаборатори нэрээр байгуулагдсан бөгөөд тодорхой хугацаанд завсарлаж байгаад 2000 онд Монгол Судлалын Төв нэрээр дахин байгуулагдаж, 2011 оны 8 дугаар сараас МУИС-ийн захирлын 400 тоот тушаалаар Монгол Судлалын хүрээлэн нэртэй болж бодлого, үйл ажиллагааны хүрээ нь өргөтгөн зохион байгуулагдсан. 2013 оноос МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэсийн харьяанд ажиллаж байна.

МСХ нь МУИС-ийн хэмжээнд монгол судлалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, удирдлага, менежментийн шинэчлэл хийх, монгол судлалын залуу халааг бэлтгэхэд туслах, чадавхийг сайжруулах, дэлхийн монгол судлалыг хөхиүлэн дэмжих, бүх талаар хамтран ажиллах, мэдээлэлээр хангах, сурталчлах, монгол судлалыг хүртээмжтэй, үр ашигтай, бүтээл болгох, орчин бүрдүүлэх зорилготой судалгааны байгууллага юм.

МСХ нь монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг байгууллага, төвүүдийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, харилцан мэдээллээр хангах, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг өөрийн мэдээлэл, сэтгүүл, цувралаараа дамжуулан дотоод гадаадын монгол судлалын хүрээнд түгээх, сурталчлах, үйл ажиллагаа явуулдаг.

Тус хүрээлэнгээс улсын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, симпозиум, эрдэм шинжилгээний их семинар, уншлагыг удаа дараа зохион байгуулж ирсэн бөгөөд 2011 онд “АНУ-ын нэрт монголч эрдэмтэн Францис Вүүдмэнд Кливезийн мэндэлсний 100 жилийн ойн эрдэм шинжилгээний олон улсын бага хурал”, 2012 онд “Монгол судлал-шинэ чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлуудыг амжилттай зохион байгуулсан.

МСХ 2011 онд дотоодын 25, гадаадын 25 гишүүнтэй эрдмийн зөвлөлийг байгуулж, монгол судлалыг хөгжүүлэх бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хэд хэдэн удаа хийж, орчин цагийн монгол судлал бол тус хүрээлэнгийн гол чиг хандлага байна гэдгийг тогтоосон юм.

Бид доорх чиглэлүүдээр төвлөрөн анхаарч ажиллаж байна.

  • Эрдэм шинжилгээний төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх
  • Эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээлэл, цуврал бэлтгэх хэвлэх
  • Эрдэм шинжилгээний семинар зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал, симпозиум, их хурал, зуны сургууль санаачлах, зохион байгуулах, оролцох
  • Гадаад, дотоодын монгол судлаачдыг дэмжих, сургах, тэтгэлэг олгох, хамтран ажиллах
  • Гадаадад ажиллах багш нарыг дэмжих, нөхцөл бололцоогоор хангах

Тус хүрээлэнгээс Монгол судлалын шилдэг сайн бүтээлүүдийг дотоод гадаадад түгээх зорилгоор:

  • Bibliotheca Mongolica
  • Monumenta Mongolica
  • Acta Mongolica

гэсэн сэтгүүлийг цувралаар эрхэлж, одоогийн байдлаар эрдэм шинжилгээний сэтгүүлийн 16 дугаар, цувралын 10 боть, судалгааны ганц сэдэвт зохиол 10 орчмыг хэвлүүлээд байна.